Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, тэдэнд тулгардаг асуудлыг ярихад юун түрүүнд хүртээмжтэй, саадгүй орчин гэдэг зүйлийг заавал хөндөх хэрэгтэй болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Аймгийн Засаг дагын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар хамтран зохион байгуулж буй “Нэг байгууллага-нэг ажил” аяны хүрээнд Өлгий сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн байгууллагын үүдэнд стандартын шаардлагын дагуу налуу зам хийж гүйцэтгэлээ. Энэхүү налуу зам тавигдсанаар тэргэнцэртэй хүн болон өндөр настай хүн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын байранд саадгүй орох боломж бүрдэж байна.
Түүнчлэн аяны хүрээнд Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр давхарт “Бэрх биш ээлтэй” иргэдэд үйлчлэх тусгай өрөөтэй боллоо. Энэхүү өрөөнд өндөр настан эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн ирж үйлчилгээ авах боломжтой. Тухайн иргэнд шаардлагатай мэргэжилтнүүд тус өрөөнд ирж түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх юм.
Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас аж ахуйн нэгж, байгууллагуудад хүртээмжтэй орчны стандарт шаардлагыг хангахыг уриалж “Бүх нийтэд саадгүй орчин”-гэсэн гарын авлага бэлдэж тарааж ажиллаж байна.