Жил бүр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан малчид, тариаланчдыг аймгийн Засаг даргын баталсан журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай.
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн босгон дээр “Аймгийн Хошой аварга малчин өрх”, “Аймгийн Аварга малчин өрх”, “Аймгийн Аварга саальчин”, “Аймгийн Аварга тариаланч”-дыг шалгаруулсан билээ.
Мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлэн, малынхаа чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлж, ажил хөдөлмөрөөрөө хошуучлан Аймгийн Аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг энэ сарын 20-ны өдөр сумын удирдлагууд гардуулан өглөө.
Аймгийн Аварга малчин өрхөөр Өлгий сумын 9-р багийн малчин Кеншиликийн Ахылбек, 12-р багийн малчин Хуанбекийн Динмухаммед нар тодорсон бол Аварга уяачаар 1-р багийн уяач Назымханы Тилеухабыл шагнагдлаа. Шагналыг Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат, Засаг даргын орлогч О.Ертай нар гардуулан өглөө.
Аймгийн Аварга малчин өрхөөр шалгарсан малчдад баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.