Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Д-гийн хотноос малын гоц халдварт шүлхий өвчний голомтын тоо нэгээр нэмэгдсэнтэй холбогдуулан Өлгий сумын Засаг даргын Хорио цээрийн дэглэм тогтоох тухай А/64 дүгээр захирамжийн дагуу 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Голомтын бүсээс малын шилжих хөдөлгөөн хийх, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гадагшаа худалдан зөөвөрлөхийг хориглож халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд тус багт байнгын хяналтын пост ажиллуулж байна. Түүнчлэн шүлхий өвчин халдварласан байж болзошгүй малд үзлэг тандалт судалгааг мэргэжилтнүүд өдөр бүр хийж гүйцэтгэж байна. Малын гоц халдварт шүлхий өвчин халдварлах тархах эрсдэлээс урьдчилан сэргийлж малыг вакцинжуулах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Иргэд онцын шаардлагагүй бол шүлхий өвчин гарсан аймаг, сум, багийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, малын аль болох хашаандаа байлгахыг уриалж байна.