Улсын Онцгой комиссоос Казахстан болон ОХУ-аас Монгол Улсын иргэдийг Цагааннурын шалган нэвтрүүлэх авто замын боомтоор 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн нэвтрүүлэх чиглэлийг аймгийн Онцгой комисст өгсөн.Гадаадаас ирэх иргэдийг улсын хилээр нэтрүүлэхдээ Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 51 дүгээр тушаалаар баталсан түр журамд заасны дагуу улсын хилээр орох зорчигч нь коронавирусний халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног өнгөрсөн, эсхүл сүүлийн 4 сарын хугацаанд өвчлөөд эдгэрсэн тухай нотломжтой байх ёстой.Зохих журмын дагуу Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирж байгаа иргэн тус бүрийг түргэвчилсэн шинжилгээнд төлбөртэй хамруулах ба харин гэр бүлтэйгээ болон асран хамгаалагчтайгаа хамт яваа 5 хүртэлх насны хүүхдүүдээс шинжилгээ авахгүй юм байна.Дээрх шаардлагыг хангасан болон шинжилгээний хариу сөрөг гарсан, эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй иргэдийг тусгаарлахгүй бөгөөд гэрийн ажиглалтад шилжүүлнэ.Харин сэжигтэй тохиолдол илэрсэн нөхцөлд аймгийн Эрүүл мэндийн газарт шилжүүлж, холбогдох арга хэмжээ авах юм.