Өнөөдөр Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Нурболат, ЗДТГ-ын дарга Ч.Бахатжан нар АДРА Монгол ОУБ-ын Суурин төлөөлөгч Винделл Маранан, төслийн менежер Б.Асемгүл нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АДРА Монгол ОУБ-ын манай аймагт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэж харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Нурболат: “Ковид-19 халдвар дотооддоо тархсан үеэс эхлэн иргэд маань шим тэжээл ихтэй хүнсний ногоо хэрэглэх нь элбэг болсон. Тиймээс танай байгууллагаас Өлгий сумын ард иргэдийг эрүүл органик ногоогоор хангах, газар тариалангийн сургалтанд хамруулахаас гадна эрүүл мэнд, боловсролын чиглэлийн төсөл хэрэгжүүлэх, 2021.08.26-нд орсон борооны улмаас гэр оронгүй болсон, гэр орон нь амьдрах боломжгүй болсон, ард иргэдэд дэмжлэг үзүүлэх асуудлыг санал болгож хамтран ажиллахыг хүсэж байна” гэдгээ илэрхийллээ.Дашрамд дурдахад АДРА Монгол ОУБ манай аймагт 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш Өлгий сумын хэмжээнд нийтдээ 600 гаруй өрх төсөл хөтөлбөрт нь хамрагдсан байна.