Мал тооллогын ажил улсын хэмжээнд өнөөдрөөс эхэлж 10 хоногийн хугацаанд зохион байгуулагдаж байна. Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудын хамт Өлгий сумын хэмжээний мал маллаж байгаа айлуудад нэг бүрчлэн орж тооллогыг зохион байгуулна. Тооллогын явцад малаа үнэн зөв тоолуулаагүй малчин, дутуу тооллого хийсэн эсвэл айл бүрээр орж үнэн зөв тооллого явуулаагүй мал тоологчдод зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцогдох юм.
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг явуулахдаа дараах зарчмыг баримтална.
Үүнд:
- Тооллогыг явуулахдаа мал, амьтдыг нэг бүрчлэн нүдээр үзэж, биечлэн тоолж бүртгэнэ.
- Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын малыг нэг бүрчлэн, нүд үзэн тоолж, дараа нь маягтыг өгөгдсөн дарааллаар, өрхийн тэргүүлэгч болон аж ахуйн нэгж, байгууллагын захирал, дарга эсвэл тухайн өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хамааралтай аль нэг гишүүнээс асууж нөхнө.
- Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын малыг байгаа газарт нь тоолж, тухайн оршин сууж байгаа сум, дүүргийн малын данс бүртгэлд оруулна. Харин сум, багаас хэсэг бүлгээрээ өөр аймаг, сумын нутагт отор хийж өвөлжиж байгаа айл өрхийн хүн ам, малыг үндсэн аймаг, сумын тооллогын комисс очиж тоолоод данс бүртгэлдээ авна.
- Баг, сумын нутаг дэвсгэрт ялангуяа адуу, тэмээг газар дээр нь тооллогод бүрэн хамруулан, биечлэн үзэж тоолоход онцгой анхаарна.
- Сум, дүүрэг, баг, хорооны түвшинд нутаг дэвсгэртээ байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын мал, тэжээвэр амьтад тооллогод бүрэн хамрагдаж орсон эсэх, данс бүртгэлд орхигдолгүй туссан эсэхийг сайн нягталж шалгана.
- Мал тооллогын явцад зарим аймаг, сум, дүүргийн малтай өрх нь өөр аймаг, сум, дүүргийн нутагт цөөн тоогоор нутаглаж харьяалах сум дүүргээс нь очиж тоолох боломжгүй бол холбогдох, аймаг, сум, дүүргийн статистикийн хэлтэстэй холбогдож, малыг нь тоолуулан, өөрийн данс бүртгэлд оруулна.
- Мал, тэжээвэр амьтдын тооллогын ажилд тавих хяналт, шалгалтыг улс, аймаг, сумаас явуулна. Жилийн эцсийн мал тооллогоор нийт тоологдсон өрхийн 10 хүртэл хувьд хяналтын тооллого явуулдаг.
Мал тооллогын явцад томилогдсон ажлын хэсэг тоологчдод дараах хяналтыг тавьж ажиллана.
Үүнд:
- Мал тооллогын нэгдсэн зааварт тусгагдсан тооллогын бэлтгэл, зохион байгуулалтыг хэрхэн хангасан байдалтай аймаг болон ажилласан сумын түвшинд танилцах;
- Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224-р тогтоолын заалтын дагуу мал тооллогын ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг зэрэг эхэлсэн эсэх;
- Мал тооллогын комиссыг шинэчлэн байгуулсан эсэх, нэгдсэн төлөвлөгөө гаргаж, зохион байгуулсан ажил, түүний хэрэгжилтийг шалгах;
- Тооллого явуулах журам, зааварчилгааны талаар семинар сургалт зохион байгуулсан эсэх;
- Отроор өөр аймаг, сумын нутагт байгаа өрхийн бүртгэлийг хийж, мал тооллогод хэрхэн хамруулах талаар төлөвлөсөн байдал, түүний хэрэгжилтийг шалгах;
- Тоологч малыг нэг бүрчлэн нүд үзэн тоолж байгаа эсэхэд хяналт тавих, тооллогын явцад зөрчил илэрсэн тохиолдолд хэрхэн залруулж, данс бүртгэлд тусгаж байгаатай танилцах, шаардлагатай заавар, журмаар хангаж ажиллах;
- Бод мал ялангуяа адуу, тэмээг газар дээр нь тооллогод бүрэн хамруулж, биечлэн тоолох талаар ямар ажил зохион байгуулсантай танилцах, шалгах;
- Цэвэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн мал, ХАА-н тэжээвэр амьтад, алдуул, тавиул мал зэргийг тооллогод хэрхэн хамруулж, бүртгэлд тусгаж байгаад хяналт тавих;
- Том малын зүй бус хорогдол (гэнэтийн аюул, өвчнөөр хорогдсон мал, чоно нохойд идүүлсэн мал), хулгайд алдсан мал зэргийг данс бүртгэлд хэрхэн баримтжуулан тусгаж байгаа байдлыг шалгаж, явцын мэдээтэй тулгах;
- Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдаас нэн шаардлагатай байгаа зүйлсийн судалгаа авах, зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ
Дашрамд хэлэхэд манай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 46%-ийг эзэлдэг байна.