Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Баастын нэрэмжит “ЦАГААН ТҮНГИЙН НАМАР” уншлагын танхим, хүндэтгэлийн булангийн нээлтийг 10 дугаар сарын 5-ны өдөр Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуульд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат, Монголын Зохиолчдын Эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга яруу найрагч, зохиолч Баймергений Зархум болон хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо. Орчин үеийн Монголын утга зохиолын хүндэт хойморт заларсан хамгийн өндөр настан буурал бол Бөхийн Бааст гуай билээ. Бөхийн Бааст нь Монголын шинэ үеийн уран зохиолын “амьд архив” төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг. Тэрбээр 1921 оны намар цаг дор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төржээ. Түүний Монголын оюуны салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” 1999, Монгол улсын “Ардын уран зохиолч” 2006, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд цолыг олгосон байна.